Хмонг ястан
Хмонг ястан - өнөөгийн БНХАУ, Вьетнам, Лаос, Тайландын уулархаг нутагт амьдардаг ястан. Өмнөд Хятадын Мяо үндэстнээс гарвалтай гэж үздэг.
Хмонгчууд Хятадын умард хэсэгт Шар мөрний сав газраар амьдарч байсан боловч Манж Чин Улсын үед эрх баригчдын дарамт шахалттай эвлэрч чадахгүй тэмцэж, XVIII—XIX зууны турш олон удаа бослого гаргаж байжээ. Эрх баригчид бослогыг дарах явцад олон сая мяочуудын амийг хөнөөснөөс тэд өмнө зүгийг бараадах болсон байна.
1990 оны БНХАУ-ын хүн амын тооллогоор мяо гарвал үүсэлтэй үндэстэн ястан 7,4 сая орчим байжээ. Тэдний 5,4 сая нь мяо хэлийг төрөлх хэл гэж үзэж байсан бол үүсэл нэгтэй хмонг хэлийг өөрийн гэж үзэгсэд 2 сая хүн байсан байна. Үүнээс гадна 1999 оны байдлаар Вьетнамд 780 мянга, Лаост 460 мянга, Тайландад 151 мянган хмонг ястан амьдарч байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1810-1820 оны үед анхны хмонгчууд Хятадын умард нутгаас өнөөгийн Лаосын нутагт ирж суурьшсан байна. Тэд Лаосын төв суурингаас алслагдсан газар сууршихыг хичээн газар тариалан, ан агнуур эрхлэн амьдарч байжээ. Гэвч тариалан эрхлэх газар булаалдаж Лаосын Вьетнамтай хил залгаа зүүн хойд нутгийн (Сиангхуанг муж) уугуул “кхму” буюу “мон” үндэстэнтэй олон удаа зэвсэгт мөргөлдөөнд орж байжээ. 1893 онд Лаос, Вьетнамын газар нутгийг бүхэлд нь Франц Улс эзэлж өөрийн ноёрхлыг тогтоож хмонгчууд хоёр давхар татвар, алба төлөх болсон юм. Үүнийг зөвшөөрөөгүй хмонгчуудын эсрэг Францын эрх баригчид цэрэг-цагдаа илгээсэн боловч ширүүн эсэргүүцэлтэй тулж, Францын колончилогчид татвараа зөөлрүүлэхээс өөр гарцгүй болсон байдаг. Удалгүй 1918 онд Вьетнамын умард хэсэгт тосгоны ахлагчийн ойрын садан Па Чайгаар тэргүүлүүлсэн хмонгчууд энгийн олны дэмжлэг аван бослого гаргаж, Дьенбьенфу (Вьетнамын баруун хойд мужийн төв) нийслэлтэй тусгаар тогтносон улс болохыг хүртэл санаархаж байсан байна. Гэвч эрх баригчид 1921 онд ахлагч Па Чайгийн амийг хороож асуудлыг намжаасан байдаг. Үүнээс хойш франц эрх баригчид татварын хэмжээгээ багасгаж хагас эрх хэмжээтэй өөрөө удирдах систем нэвтрүүлж эв зүйгээ олсон түүхтэй.
Лаост 1960-1975 онуудад өрнөсөн иргэний дайны үеэр социалист баримжаатай “Патет Лао”-гийн эсрэг тэмцэх сайн дурын ангиудад Америкийн тусгай албаныхан олон хмонг ястныг элсүүлж байжээ. Гэвч мяо болон хмонгчууд эсрэг талын “Патет Лао”-гийн эгнээнд ч бас олноороо элсэж байжээ. Америкчууд энэ дайнд ялагдал хүлээж Вьетнам, Лаосаас цэргээ гаргах үерээ өөрийн талд байлдаж байсан 300 мянга орчим хмонгчуудыг мөн Тайланд руу дүрвүүлэн гаргасан байдаг.
Хмонг ястан болох Чонг Зуа Хэ, Па Као Хэ нар 1976 онд Тайландад төвтэй, Хятадын дэмжлэгтэйгээр социалист Лаосын Засагтай тэмцэх “Лаосыг чөлөөлөх Үндэстнүүдийн байгууллага” (Ethnic Liberation Organization of Laos) хөдөлгөөн зохион байгуулсан. Энэ байгууллага нь 1980-аад оны сүүлчээр өөрөө тарсан байна.
Гадаадад дүрвэгсэд
[засварлах | кодоор засварлах]1975 онд ялагдал хүлээсэн Америкийн талыг баримтлагч олон зуун мянган хмонгчууд Тайланд руу зугтан гарч барууны орнуудаас улс төрийн орогнол хүсчээ. Барууны орнууд ч тэдний нөхцөл байдлыг мэдэж байсан тул бодлогоор дэмжиж олон мянгаар аливаа нөхцөлгүйгээр хүлээн авч байсан байна.
1990 онд Тайландаас Лаос руу мяо буюу хмонг дүрвэгсдийг буцаах хөтөлбөр НҮБ-аас хэрэгжүүлсэн боловч мөрдлөгө, хавчлагаас айгаад нутаг буцаагүй үлдсэн хэсгийг бусад оронд хуваарилан хүргэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Тайландад 8 мянга орчим хмонг ястан дүрвэгч амьдардаг гэсэн тоо баримт байдаг. 2000 оны байдлаар АНУ-д 221 мянга гаруй, Францад 18 мянган хмонгчууд амьдарч байгаа бөгөөд Канад, Австрали, Аргентин зэрэг орнуудад ч мөн амьдардаг байна.
Өнөөдөр Лаосын өндөрлөг нутагт хмонг үндэстнүүд аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байна. Эрх чөлөөг дээдэлдэг, омог бардам зантай хмонгчууд ажилсаг үндэстэн бөгөөд бүл омгоороо хамтран амьдрахыг эрхмэлдэг учраас тэдний тосгод нь нутгийн үзүүлэлтээр чинээлэгт тооцогддог байна.