Jump to content

Уйгур улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уйгур улс
𐱃𐰆𐰴𐰕:𐰆𐰍𐰕:𐰉𐰆𐰑𐰣
Toquz Oγuz budun
744–840
Уйгур улсын нутаг дэвсгэр (745–850), ба эх газрын Азийн томоохон улсууд.[1]
ТөлөвХанлиг (Нүүдэлчдийн эзэнт гүрэн)
Нийслэл
Нийтлэг хэл
Шашин
Төр засагХаант засаг
Хаан 
• 744–747
Кутлук Билгэ Күл (анхны)
• 841–847
Агно хаан (сүүлчийн)
Түүх 
• Байгуулагдсан
744
• Мөхсөн
840
Газар нутаг
800[3][4]3,100,000 км2
Өмнө нь
Дараа нь
Хожуу Түрэгийн хаант улс
Хар ханы улс
Ганжоугийн Уйгур улс
Кочо улс
Киргизийн хаант улс

Түрэг улсыг мөхсөний дараа түүний байр суурийг Уйгарууд эзэлж YIII-IX зууны үед монгол нутагт оршин тогтнож байв. НТ 740 оны үед Түрэг улсын захиргаанд байсан уйгарууд бослого гарган өөрийн улсыг байгуулан 100 орчим жил оршин тогтносон. Уйгарын нүүдэлчид оршин сууж байсан газар нь хуучин хүннү (МЭӨ II— IV зуун), түрэгийн нутаг байжээ.[5] Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруунаас Говь хүрэлх газар нутгийг захирч байжээ.

Уйгурын түрүү хаант улс

[засварлах | кодоор засварлах]
Уйгурын хаант улс

600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй уйгур (Хятад сурвалжид Уйгур хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгур аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон Хөх Түрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгур аймаг зонхилох болж, хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхлыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгурын ноёрхол удсангүй, 683 онд хаан Тугайг Хөх Түрэгт ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ. 700 он орчмоос Уйгурчууд өөрийн бичиг үсэгтэй болсон гэж эрдэмтэд тооцоолдог байна.

Уйгур бол эрт цагт Хүннү гүрэнд эзлэгдсэн динлиний удам бөгөөд Өндөр тэрэгтэн буюу токуз-огузын нэг аймаг, тэдний домог ёсоор уйгур хаадын өндөр эмэг эх нь Хүннүгийн шаньюйн бага охин ажээ. Жоужань/Нирун улсын үед уйгурууд өндөр тэрэгтний (чилэ, тэлэ, гаочэ, гаогюй) аймгийн холбоонд багтаж явжээ.

Түрэгийн түрүү хаант улсын хүн амын олонх нь тэлэ буюу огузууд байв. Зүүн Түрэгийн хаант улсын харьяат токуз-огузууд, говиос урагш нүүснийг нь далимдуулан, Түрэгийн хаадын ноёрхлыг эсэргүүцэн 625 онд их бослого дэгдээжээ. Түрэгээс ангижирсан огузууд энэ удаа Сеяньтогийн (серинда) манлайлсан хаант улсын гол цөм болжээ. Гэвч уйгур тэргүүлсэн огузууд, Тан улстай хүч хавсран Сеяньтогийн төрийг 647 онд мөхөөв. Уйгурын эльтебер Тумиду 647 онд хаан болж, түрэгт байсантай адил бүх албан тушаалтанг тогтоов гэж сурвалжид тэмдэглэснээр бол шинэ, Уйгурын түрүү хаант улс Төв Азид бий болжээ. Уйгурууд 660-70-аад оныг хүртэл Тан улстай найрсаг харилцаж байснаа дараа нь Тан улстай хэдэн удаа сүрхий дайтжээ. Уйгурын түрүү хаант улсыг, Монгол нутагт 689-691 оны хооронд Чугай-гуз, Каракумаас нүүж ирсэн ашина-түрэгүүд мөхөөсөн юм. Азийн нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөх нь уламжлал мэт болсон байлаа.

Уйгурын хожуу хаант улс

[засварлах | кодоор засварлах]

Манай эриний VII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад Уйгурын хаант улсыг байгуулжээ. Түүхэнд тэмдэглэгдсэн Уйгурын энэ үеэс хаан нь Пэйло байжээ. Тэрээр Түрэгийн эсрэг бослогыг удирдан МЭ 745 онд түрэгүүдийг бут цохин, Уйгур улсыг үндэслэжээ.

742 онд уйгурууд харлуг болон дасмалиудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босож, 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялсан бөгөөд Басмылчууд Түрэгийн нийслэлийг авч, хаан Эзмишийг олзолсон авч холбоотнуудын дунд хагарал гаран Уйгур, Харлуг хоёр хамсан Басмылчуудыг цохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлага боол болгон, заримыг нь Хятадад боол болгон зарсан байна. Ингээд Уйгурын удирдагч Күтлүг Билэг Кэл хэмээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж, Алтайн овог аймгуудыг захирсан Уйгурын хаант улсыг үндэслэн, Харлугуудад баруун хязгаарыг мэдүүлсэн ажээ. Этүгэн ууланд Орд балык (Орд балгад) нийслэлийг бариулжээ. Тэрээр 747 онд өөд болж отгон хүү Моюнчур нь Эл Этмиш Билэг Хаан болж, талын бүх нүүдэлчдийг эрхэндээ оруулав.

Моюнчур 747-759 онд Уйгар улсын хаан ширээнд суухдаа "Тэнгэрээс заяат, төр засагч мэдэлтэй сэцэн хаан" хэмээн алдаршжээ. Түүний төр барьж байх үед Уйгур улс хүчирхгийн дээд туйлдаа хүрч байжээ. Моюнчур улс орондоо эдийн засаг, соёлын харилцаа тогтоож, МЭ 751 оны үед Орхоны хөндийд Балиглиг (Хар балгас) гэдэг хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Тэрээр Тан улстай найрамдаж, өмнө зүгээс ирэх аюулыг сэрэмжлэн, дорно, өрнө зүгт нутгаа тэлэх бодлого явуулж байв. МЭ 755 онд Тан улсад гарсан Ань Лу-шаны бослогыг дарах хэрэгт Тан улс Уйгураас тусламж гуйн элч илгээжээ. Моюнчур хаан Тан улсад 4000 цэрэг явуулж бослогыг даруулж, өмнө зүгээс довтолсон Төвөдүүдийг цохижээ. Үүний хариуд Тан улсын хаан өдий төдий хуй торго гаргаж Моюнчурыг шагнан бага гүнж Нингог хатан болгон ураг холбохоор илгээжээ. Ийнхүү Уйгур улсын хүч нөлөө нэмэгдэж байв. Моюнчур хааны суух үед найман огуз, есөн татар нар бослого гарган тэмцсэн байна. Хэдийгээр бослого дарагдсан авч Уйгур улсын хүч нэлээд суларчээ. Мөн энэ үеэр ноёд түшмэд эрх мэдлээ булаацалдан дотоодын тэмцэл улам хурцдав. Үүний жишээ нь Моюнчурын дараа хаан суусан Идигинь хааныг алж хаан ширээнд суусан Дуньмохэгийн үйл ажиллагаанаас тодорхой байна.

756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Енисейн киргизүүдийг цохин хааныг нь цаазлав. 759 онд Моюнчур хаан найран дээр хэтэртлээ их архи ууснаас өөд болж, хүү Тэнгэр бэхи нь Хөтлүг Дархан Сэнгүн Хаан хэмээгдэв. Тэнгэр бэхи 762 онд Тан улсын хааны хүсэлтээр тэдэнтэй хавсран Төвөдийн эсрэг байлдаж, Тан улсын Төвөдүүдэд алдсан баруун нийслэл нь болох Чангааныг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэрээр Ираны Манихейст ламтай уулзан уг шашинд орж, Уйгурын шашин болгожээ.

779 онд Тэнгэр бэхи Орд балгадад байсан Согдын худалдаачдын ятгалгаар Хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөө зохиосон хэдий ч түүний авга ах Тунбага Дархан хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, улмаар бослого гарган хаан болон түүний хүрээний 2000 язгууртныг цаазлан өөрийгөө Алп Күтлүг Билэг Хаан хэмээн хаан сууснаар Уйгур дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэрээр Уйгурыг бутрахаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цааз гарган мөрдүүлж, киргизүүдийг довтлон энэ удаад тэднийг шууд харьяандаа оруулсан байна. 795 онд түүнийг үхсэнээр Уйгурт дотоодын тэмцэл өрнөн бутралын аюул занал нүүрлэн байх үед Күтлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө Ай Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Күтлүг Үлэг Билэг хэмээн хаанаар зарласнаар Яглагарын удмын хаанчлал эцэс болж Едизийн удмын хаанчлал эхэлжээ. Тэрээр хатуу чанга удирдлагаар Уйгурыг нэгэн удаагийн бутралаас аварсан хэдий ч урьдын хүчирхэг идтэй Уйгур үгүй болсон байв. 808 онд түүний хүү Хан Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Кишлиг Билэг нэрээр хаан ор сууж Дундад Ази руу хандсан худалдааг сайжруулан Согд хүртэл худалдаа хийх болж, 821 онд төвөдүүдийн довтолгоог няцааж байв.

Уйгур гүнжийн зураг

824 онд түүнийг өнгөрсний хойно Уйгарт хаан ширээний тэмцэл хүчтэй өрнөн хаан ор суух ёстой түүний дүү Касар 832 алагдаж, 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээг булаав. Мөн онд Уйгарын эдийн засгийн суурь болсон байгалийн гамшгийн улмаас мал сүрэг олноор үхэж үрэгдэн өлсөглөн гарч дотоодод тогтворгүй байдал үүссэн хийгээд бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч эртний өст Киргиз рүү зугтан тэдэнтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Киргизүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ.

Уйгурын яглакар ургийн Моюнчур хаан 750-иад оныг хүргэж байж дотоодын дайснаа дарсан ба улмаар 750-760-аад онд гадагшаа дайн байлдаан хийснээр Уйгурын хүч чадал оргилдоо хүрч газар нутаг нь томорч, өмнөд хөрш Тан улсыг хүртэл дарамталж байсан боловч яглакар удмын сүүлчийн хаан 789 онд үхснээр хаан ширээнд эдиз аймгаас суух болсон нь хожим IX зууны эхнээс үргэлжилсэн хямралын үүдийг нээжээ. Мөн 820 оны үеэс эхлэн гаднаас Енисейн киргиз аймаг довтлон байлдсан явдал нь Уйгур улсыг туйлын хүнд байдалд оруулжээ. Энэхүү дотоод гадаадын тэмцэлдээ хөрш улс, аймгуудаас тусламж эрэх болсон нь 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, Уйгурын төр мөхөх шалтгаан болжээ.

Уйгурчуудын баруун зүгт нүүдэллэх

[засварлах | кодоор засварлах]

Уйгурын сүүлийн удирдагч Үгэ Ордост очин 841 онд Хятадын Шаньси мужийн нутгийг эзлэн, 6 жилийн турш киргизүүд болон Тан улсын хилийн цэрэг, өөрийн өрсөлдөгч болох Күрэбирийн ах Ормузыг дэмжигч нартай тэмцсээр 847 онд алагджээ. Уйгурын олонх өмнө зүгт, Тан улсын хил дагуу нутагт зугтан очсон ч Тан улс цэрэглэн устгаж, үлдсэн хэсэг нь Ганьжоу хотын хавиар нүүж суух болжээ. Тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж шинэ Сарыуйгур улс байгуулсан нь хожим Тангуд улсад эзлэгдэх хүртлээ оршин тогтножээ. Хар ханы улсыг Хар Хидан эзэлсэн.

13-р зуунд Хархорумд байсан хөшөөнд бичигдсэн домог ёсоор гурван өдөр тэнгэрээс "хөж хөж" (яв яв) гэсэн их чимээ тасралтгүй гарсан тул уйгурын ахлагчид цугларч хэлэлцээд урагш нүүхээр шийдсэн гэдэг.

Уйгурын Кочо улс Чингис хааны Монголын эзэнт гүрэнд нэгдэн хөжим Цагаадайн улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Файл:Ordubaliq.jpg
Уйгурын хот суурин

Тэд өмнөх нүүдэлчдээсээ илүү ихээр соёлыг хөгжүүлж, согд-түрэгийн бичгийг сайжруулж, өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ. Монгол бичиг нь энэхүү уйгур бичгээс гаралтай билээ.

Уйгурын хаант улсын төрийн шашин нь манихей шашин юм. Манихейн шашин нь манай эриний 3-р зуунд үүсчээ. Заратустрагийн шашинд түрэгдэж хавчигдаад, дорно тийшлэсэн гэдэг.[6]

Уйгурын үед хэрэглэгдэж байсан Монголын 10 орчим томоохон гол мөрний нэр (Орхон, Хараа г.м) одоо ч хэвээр хэрэглэгдэж байна.

  1. Кутлук Билгэ Күл хаан (744-747) Яклакар овгийн Хушу ноёны хүү
  2. Моюнчур хаан (747-759), Кутлук Билгэ Күл хааны хоёр дахь хүү
  3. Идигинь хаан (759-779), Баянчор хааны хоёр дахь хүү
  4. Дуньмохэ хаан (780-789), Баянчор хааны хүү Чабыш тэгиний ууган хүү
  5. Дулосы хаан (789-790), Дуньмохэ хааны хүү
  6. Фэнчэн хаан (790-795), Дулосы хааны хүү
  7. Күтлүг хаан (795-805), Адиз овгийн жанжин.
  8. Күлүг Билгэ хаан (805-808), Күтлүг хааны хүү
  9. Бао-и хаан (808-821), Күтлүг хааны хүү
  10. Чүндэ хаан (821-824), Бао-и хааны хүү
  11. Жаоли хаан (824-832), Бао-и хааны хүү
  12. Жаншинь хаан (833-839), Чүндэ хааны хүү
  13. Касар хаан (839-840)
  14. Үже хаан (840-846), Бао-и хааны хүү
  15. Энянь хаан (846-848), Бао-и хааны хүү

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Bosworth, C.E. (1 January 1998). History of Civilizations of Central Asia, Volume 4 (англи хэлээр). UNESCO. p. 428. ISBN 978-92-3-103467-1.
  2. "Data" (PDF). www.tekedergisi.com. Татаж авсан: 2020-01-19.
  3. Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D (December 2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Татаж авсан: 16 September 2016.
  4. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly. 41 (3): 475–504. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793.
  5. "УЙГАРЫН ХААНТ УЛС". Эх хувилбараас архивласан: 2023-02-05. Татаж авсан: 2022-08-19.
  6. Галын дөл өөдөө (Memento 20. Наймдугаар сар 2022 цахим архивт) Sonin.MN 2015
Өмнөх
Түрэгийн хаант улс
Уйгурийн хаант улс
744-840
Дараах
Киргизийн хаант улс