Jump to content

Тайху

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайху буюу Тайхоу (хятадаар:太后; пиньинь галиг:Tàihòu; ‎ᠲᠠᠶᠢᠬᠤ; кирилл монгол: Тайху) хэмээх нь хятадаар хааны эх гэсэн утгатай үг.[1] Эртний хятадын болон зүүн ази, зүүн өмнөд азийн улс орнуудад шинэ хааныг төрүүлсэн эх, өмнөх хааны бэлэвсэн их хатан, эмэг хатад, зарим тохиолдолд татвар эмс тайхоу хэмээх алдар нэрийг хэрэглэж байсан. Шинээр залагдсан эзэн хаан, улсын ван татвар эмээс төрсөн үед төрсөн эх нь тайхоу аль эсвэл тайфэй цолыг хүртэж байсан. Харин Монголын түүхэнд Юань улсын үеэс монголын их хааны их хатдыг тайху гэж нэрийдэж эхэлсэн нь Манж Дайчин гүрэнд эзлэгдэх хүртэл хэрэглэж байв. Юань улсын үед зөвхөн хааны төрсөн эхийг зааж байснаа, XV зуунаас эхлэн алтан ургийн хаан, жононгийн их хатныг хамруулах болсон. XVII зууны эхэн үеэс Ар Халхад хунтайж зэрэг зарим их ноёдын нарын хатдыг нэрлэх хэмжээнд хүртлээ өргөн дэлгэрсэн.

Хятадын түүхийн цаг үе бүрт тайхоу цолыг тухайн улсын хааны цол гуншин, хатад татварын угсаа гарвал зэрэг зиндаа ямар байхаас шалтгаалж олон хэлбэрээр бичигдэж байсан ч утга санаа нь нэгэн ижил байсан.

Хуан Тайхоу (皇太后)

[засварлах | кодоор засварлах]

Хятадын түүхэнд уг цолыг анх Хань улсын Гаозу хааны хатан Лү Жи хэрэглэж эхэлжээ. Түүнээс өмнө олон вант улсууд оршиж байхад ванхоу хэмээх цолыг хэрэглэж байсан. Хятадын төрт ёсонд эзэн хааны их хатан буюу хуанхоу нь хууль ёсны эхнэр төдийгүй, бусад хатад татвараас төрсөн хүүхдийн хууль ёсны эх нь гэж явдаг. Шинэ хаан нь их хатны хүү биш байсан ч, их хатан хуан тайхоу болж, төрсөн эх нь хуан тайфэй (皇太妃) болно. Харин их хатан өөд болсны дараа төрсөн эх нь тайху болдог байв. Хэрэв талийгаач хаанд хүү байхгүй бол ах дүүсийн хөвгүүдээс нэгийг нь өргөмөл хүү болгож авахад урьд хааны хатан, татвар эмийг тайхоуд өргөмжилж байсан. Гэхдээ өмнөх хааных нь бусад нэр нөлөөтэй татвар эмс хуан тайфэйд өргөмжлөгдөж байсан.

Харин Чин гүрний үед дээрх ёс дүрэмд өөрчлөлт орж, урьд хааны их хатныг тайху болгох нь хэвээр байж, төрсөн эхийг нь Шэнмү хуантайхоу (聖母皇太后) гэх болгож эхэлсэн.

Жишээлбэл: 1650 онд Эеэр засагч хааны төрсөн эх Бумбутайг Жаошэн цышоу хуантайхоу (昭圣慈寿皇太后), 1661 онд Энх амгалан хааны төрсөн эх Тун овогтыг Шэнмү Цыхө хуантайху (聖母慈和皇太后), 1861 онд Бүрэн засагч хааны төрсөн эх Ехэнара овогтыг Шэнмү Цыши хуантайху (聖母慈禧皇太后) хэмээн тус тус өргөмжилжээ.

Тайхуан тайхоу (太皇太后)

[засварлах | кодоор засварлах]

Хааны эх Хуан тайхоу цолыг хүртдэг бол Хааны эмэг эхийг Тайхуан тайхоу гэж нэрийддэг. Хааны эмээ нь улс төр, хааны хувийн амьдралд маш их нөлөөлж, гол эрх мэдлийг атгаж байсан нь цөөнгүй. Энэ цолыг анх баруун Хань улсын Гаоди хааны хатан Лү Жи хэрэглэж эхлэжээ. Хятадын сүүлчийн тайхуан тайхоу нь Чин гүрний Цыши юм.

Ван тайхоу (王太后)

[засварлах | кодоор засварлах]

Энэ нь Хавар Намрын улсын үе, Байлдаант улсын үеийн том жижиг улсын эзэд Ван цолтой байсан. Иймээс Вангийн эхийг Ван тайхоу гэж нэрийдэж байсан нь Хань улс, гурван улсын үе хүртэл ашиглаж байгаад, Жинь улсын үеэс Ван Тайфэй (王太妃) болжээ.

Солонгосын хойгт оршин тогтнож байсан бүхий л улсын эзэд нь Ван (王) цол хэрэглэж байсан. Иймээс Вангийн хатныг ван хү (王后), ван би (王妃); вангийн эхийг ван тэхү (王太后), ван тэби/ван дэби (王太妃/王大妃) хэмээн нэрийдэж байсан. Шилла, Курё улсын үед вангийн хатныг ван хү (王后), вангийн эхийг ван тэхү (王太后) гэдэг байснаа, Хубилай хааны зарлигаар Чүннёл вангийн үеэс эхлэн вангийн хатан ван би (王妃), вангийн эхийг ван тэби/ван дэби (王太妃/王大妃) гэж нэрлэх болсон нь Чусон улс мөхөх хүртэл үргэлжлээд, 1897 оноос Японы эзэнт гүрэн Чин гүрнийг ялсны хариуд Чусон улсын нэрийг сольж, Солонгосын эзэнт улсыг байгуулж, улсын эзэн нь эзэн хаан (皇帝) цол хэрэглэж эхэлснээр хатан нь хван хү (皇后), хааны эх нь хван тэхү (皇太后) цол хэрэглэх эрхтэй болсон.

Хубилай хаан 1264 оноос Монголын улс төрийн төвийг хятадын нутагт нүүлгэснээр тухайн газар орны засаг захиргааны тогтолцоо, хууль дүрэм, аж ахуй, хэл соёлын нөлөөнд автаж эхэлсэн. Монголын ихэс дээдэс Юань улсыг байгуулсны дараа уламжлалт цол гуншингаас гадна хятадын тогтолцоо, цол зэрэг, албан тушаалыг хэрэглэж эхэлсэн. Үүний илрэл нь монголын хатад урьд нь үжин, хатун, бэхи цолыг ашиглаж байсан бол Юань улсын үеэс тайху, хуанху, бэйж, юнгэн (дунд ордны хатан гэсэн үгний монголжсон дуудлага), гүнж гэх мэт хятадын уламжлалт цолыг хэрэглэх болжээ. Юань улс мөхснөөс хойш 300 гаруй жил Монголын хаад ноёдын хатад охид монгол, хятад цолыг хослуулан хэрэглэж байсныг XVI-XVIII зуунд бичигдсэн түүхийн сурвалж бичгүүдээс харж болно.

Тайху цол нь Юань улсын цагт хааны ээж хэрэглэж байсан. Юань улсын үед тайху цолтой 7 хатад байсан.

Үүнд:

  1. Хөхжин: Өлзийт Төмөр хааны ээж
  2. Дажи: Хүлүг хаан, Буянт хаан нарын ээж
  3. Анашишири: Гэгээн хааны ээж
  4. Жэнгэ: Хүлүг хааны их хатан
  5. Бабухан: Есөнтөмөр хааны хатан. Асугив хааны ээж
  6. Будашири: Заяат хааны хатан. Ринчинбал, Тогоонтөмөр хаадыг өргөж авч, тайху болсон.

Умард Юаний үеийн тайху нар:

  1. Өлзийт хунгоо бэйж: Харгучаг дүүрэнтөмөр хунтайжийн хатан байсан, Элбэг хаан хатнаа болгосон.
  2. Самур тайху: Батула чинсангийн хатан, Эсэн тайшийн эмээ
  3. Шихир тайху: Болох жононгийн хатан, Даян хааны эх
  4. Чагачан нагнан тайху[2]: Боди алаг хааны эх, Төрболд тайжийн хатан
  5. Нагнан тайху: Лигдэн хааны хатан
  6. Сутай тайху: Лигдэн хааны хатан
  7. Бадамжав тайху: Лигдэн хааны хатан
  8. Эржэй тайху: Лигдэн хааны хатан
  9. Мадь тайху: халхын Цогт хунтайжийн эх
  10. Сун тайху: Эрээхий мэргэн ханы хатан
  1. Ж.Гэрэлбадрах. Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг. УБ., 2010. т.40
  2. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006.т.133