Эва Браун
Эва Браун | |
---|---|
Төрсөн | 1912 оны 2 сарын 6 Германы эзэнт гүрэн, Бавари, Мюнхен |
Нас барсан | 30 April 1945 Нацист Герман, Берлин | (33 насалсан)
Үхлийн шалтгаан | Амиа хорлолт (цианидийн хордлого) |
Ажил | Гэрэл зурагчин; Хайнрих Хоффманны гэрэл зургийн студийн туслах |
Юугаараа алдаршсан | Адольф Хитлерийн хамтрагч, эхнэр |
Эхнэр (нөхөр) | Адольф Хитлер (1945 оны 4 сарын 29 – 1945 оны 4 сарын 30) |
Эва Анна Паула Хитлер (Герман: Eva Anna Paula Hitler, хуучин овог Браун (Braun), 1912 оны 2 сарын 6 - 1945 оны 4 сарын 30) нь Адольф Хитлерийн урт удаан хугацааны хань байсан бөгөөд 40 орчим цаг түүний гэргий нь байсан. Браун нь 17 настайдаа, Хитлерийн хувийн гэрэл зурагчны туслахаар ажилладаг байхдаа Мюнхенд Хитлертэй танилцсан бөгөөд 2 жилийн дараагаас байнга уулздаг болжээ. Браун нь Хитлертэй харьцаанд орж эхэлсэн эхний үедээ 2 ч удаа амиа хорлохоор завдаж байсан байдаг. 1936 оны үед Хитлерийн Бирктесгадены ойролцоо байрлах Бергхоф дэх гэрт амьдардаг болсон бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед тэндээ хоргодох байранд амьдралаа өнгөрүүлжээ. Браун нь гэрэл зурагчин байсан учраас Хитлерийн одоог хүртэл хадгалагдсан өнгөт зураг, бичлэгүүдийн ихэнх нь Брауны авсан зураг, бичлэг байдаг. Браун нь хэдийгээр Хитлерийн ойр дотны, чухал хүн байсан боловч эгч Гретл нь SS-ийн офицер Херманн Фегелайнтай гэрлэх хүртэл буюу 1944 оны дунд үе хүртэл ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагаанд Хитлертэй цуг оролцдоггүй байв.
Гуравдугаар Райхын ноёрхол нуран унаж, дэлхийн хоёрдугаар дайн дуусах дөхөж байх үед Браун Хитлерт үнэнч байхаа тангараглаж Берлинд очин, 1945 оны 4 сарын 29-нд гэрлэжээ. Энэ үед Браун 33, Хитлер 56 настай байв. Гэрлэснээсээ 40 цаг орчмын дараа тэд цианидийн капсул ууж, амиа хорлоцгоожээ. Германчууд Браун болон Хитлерийн харьцааг тэдний үхлийн дараа л мэддэг болсон юм.