Хөө хуяг
Хөө хуяг (Англи: Chain mail, Maille) нь 5,000-40,000 хүртэл тооны жижиг металл бөгжийг нэг бүрчлэн хэлхэж хийсэн гинжин хуяг юм.
Үр нөлөө
[засварлах | кодоор засварлах]Хөө хуяг нь зүсэх, хатгах зэрэг ирт болон үзүүрт зэвсгийн дайралтаас сайн хамгаалдаг байв. Ер нь бол дундад зууны энгийн зэвсгээр уг хуягийг нэвлэх нь бараг л боломжгүй байлаа. Үүнийг ч Их Британийн Хааны зэвсгийн музейн (Англи. Royal Armoury) судалгаагаар батласан байдаг.
Хуягийн хамгаалалтад түүний хийц тун чухал нөлөөтэй. Хэлхээний нягт их байх тусам жад, илдний үзүүр нэвтрэх нь бага. Хэдий хөө хуяг нь сайн хамгаалалт ч гэсэн түүнийг эвдэх чадалтай байлдааны сүх, байлдааны алх, нум сум болон хавчаахайн эсрэг эзнээ хамгаалж чаддаггүй сул талтай. Дайны технологи хөгжихийн хэрээр хөө хуягийн хэрэглээ буурсан ч энэ нь бүрэн хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм. Цэргүүд хөө хуягийг ялтсан хуяг дотуур өмсөх байдлаар хэрэглэсээр л байжээ. Ийм аргаар тэд ялтсан хуягийн суга, хүзүү, салтаа хэсэгт байрлах, хөдөлгөөнд зориулсан завсар зайг хамгаалдаг аж.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хөө хуягийг эртний кельтүүд бүтээсэн байх боломжтой. Хамгийн эртний хадгалагдан үлдсэн олдвор нь Карпатын сав газар, тэр дундаа Словак улсын Хорны Ятов дахь булшнаас олдсон байна. Уг олдвор нь 3-р зуунд харьяалагдана. Этрускүүд мөн хөө хуяг хэрэглэдэг байсан нь тогтоогдсон бөгөөд тэдний хуягийн олворууд нь 4-р зуунд харьялагдана. Этруск хөө хуяг нь кельтээс илүү, эртний Персийн хайрсан хуягаас үүсэлтэй байх боломжтой.
Ази болон Ойрх Дорнодод хөө хуягийг Ромчууд танилцуулахад, Сассанын персүүд (Англи. Sassasnid Persians) 3-р зуунаас эхлэн цэргийн хайрсан хуягаа халж, оронд нь хөө хуягийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Ойрх Дорнодын хөө хуяг нь яг л европ хуяг шиг жингийн хувьд хүнд, нягтын хувьд нарийн байлаа. Зарим тохиолдолд ариун хамгаалалтын бэлгэдэл болгож бөгжнүүд дээр нь шашны дүрсүүд тамгалдаг байв.
Коран сударт хөө хуягийг “Аллахаас Давидад илгээсэн бэлэг” хэмээн дурдсан байдаг.
Хятадад гинжин хуяг нь анх 718 онд Тан гүрний хаанд, Төв Азийн алба гувчуураар дамжин ирсэн гэж үздэг. Учир бидэнд хадгалагдан үлдсэн эх сурвалжуудаас харахад нь тухайн алба гувчуур нь “Холбоосон хуяг” хэмээх зүйл байжээ.
21-р зуунд ч хөө хуяг хэрэглэгдсээр л байна. Орчин үед хөө хуяг нь металл байхаа больсон бөгөөд оронд нь мяндас ашиглан урлах болжээ. Энгийн жишээ татвал сум үл нэвтрүүлэх хантааз нь орчин цагийн хөө хуяг юм.