Мангала
Мангала нь (?-1280) Хубилай хааны гутгаар хүү. Чаби хатнаас төрсөн. Жи Юань-ий 10-р оны 10-р сард (1272 он) Хаан зарлиг буулган, түүнийг Аньши ванд өргөмжилж, алтан тамга соёрхоод Шаньши, Тангуд мужийг захируулж, Лю Пан Шан[1] дахь монгол цэргийн хуаранг давхар захируулан, Аньши вангийн ордны түшмэлээр Ли Дэхуйг томилов. Ингэхдээ Шаньши мужийн Чаньань хотод вангийн ордныг байгуулж, тус мужийг захирч байв. 1273 онд Хубилай хааны зарлигаар Цинь ван өргөмжлөгдөж, Тангуд муж, Сычуань мужийг захируулан, Цинь вангийн ордны баруун гарын сайдаар Ван Шишянь, зүүн гарын сайдаар Ли Дэхуй нарыг томилов. Юань улсын сударт тэмдэглэснээс үзвэл монгол ёс заншлаар өвлийн ордон нь Шаньши мужийн Жинжао фуд байрлаж, зуны өргөө нь Тангудын Лю Пан уулны монгол цэргийн хуаранд зунших зэргээр жилийн дөрвөн улиралд хоёр ордны хооронд нүүдэллэж байсан.
Аньши ван, Цинь ван цолтоны хувьд хоёр үндсэн үүрэг хариуцлагатай байв. Нэгд: эзлэгдсэн орны иргэдийг дарангуйлан захирах, Хоёрт: Өгэдэй хааны ач хөвгүүн Хайду хан, Цагаадай ханы удмын Дува хан хоёрын цэргийн довтолгооноос газар нутгаа хамгаалж, Монгол нутгийг захирч суусан Бэй ань ван Номуган, Баян жанжин нарын цэргийн нэгэн жигүүр болж, Хайду ханыг дарж номхотгох байв. Гэвч 1277 онд Номуган ванг дагаж очсон монгол хан хөвгүүд, ноёд бослого гарган Номуган, Аньтун нарыг барьж Хайдуд хүргэж өгөөд, түүнтэй нэгдэж Хубилай хааны эсрэг дайн зарласны дараа Мангала энэ үймээнийг төвшитгөхөөр явж байгаад 1280 онд нас барсан. Түүнийг нас нөгчсөний дараа ахмад хөвгүүн Алтанбөхөд Цинь ван, хоёрдахь хөвгүүн Анандад Аньси ван цолыг залгамжлуулан, алтан тамга олгожээ. Ананд нь 1307 онд хаан ширээний төлөө тэмцэлд ялагдан цаазлуулснаар Цинь вангийн тамгийг хурааж, Шаньши, Ганьсу, Сычуань муж дахь Цинь ван, Аньши вангийн хөрөнгийг төрд хураан авчээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Хубилай хаан
- Эх: Чаби хатан
- Хатан: Хутуй хатан
- Хөвгүүд: Алтанбуха, Ананд, Арсланбуха
- Охин: Нүвүлүн гүнж (Ихирэс аймгийн Суоланха хүргэний хатан болсон. Нэгэн охин төрүүлсэн нь Хүлэг хааны бага хатан болж, Хүслэн хутагт хааныг төрүүлсэн)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Лю Пан Шан хэмээх газар нь Чингис хааны таалал төгссөн газар бөгөөд хожим нь тэнд Тангудыг захирах монгол цэргийн хуаран байгуулсан.