Jump to content

Куман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Куман буюу Куманууд нь Куман-Кипчакийн холбооны баруун салбарыг бүрдүүлдэг, Төв Азиас гаралтай, куман хэлээр ярьдаг нүүдэлчин түрэг ард түмэн байв. Тэднийг Орост половууд (половцы), Өрнө дахинд куманууд, Дорнын эх сурвалжуудад кипчакууд гэдэг байжээ.

Печенегтэй төрөл садангийн холбоотой тэд Куман орон (Cumania) гэгддэг Ижил мөрний дагуу болон Хар тэнгисийн хойд бүс нутагт шилжин нутаглаж, эндээс куман-кипчакууд Кавказ ба Хорезмын эзэнт гүрний улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож байлаа. Куманууд нь дундад зууны үеийн Балканд тогтвортой нөлөө үзүүлсэн Евразийн тал нутгийн догшин агаад аймшигт нүүдэлчин дайчид байв. Тэд олон тоотой, соёлын хувьд боловсронгуй, цэргийн хувьд хүчирхэг байжээ.

Тэдний олонх эцэстээ Хар тэнгисийн баруунд суурьшиж, Киевийн Орос, Галиц-Волынийн вант улс, Алтан ордын хаант улс, Болгарын хоёрдугаар эзэнт гүрэн, Сербийн хаант улс, Унгарын хаант улс, Молдав, Гүржийн хаант улс, Византийн эзэнт гүрэн, Никейн эзэнт гүрэн, Латины эзэнт гүрэн, Валахийн улс төрийн амьдралд нөлөөлж, куман цагаачид улс тус бүрийн дээд зиндааныхан руу нэгдэн нийлсэн болой. Куманууд бас Загалмайтны дөрөвдүгээр аян дайнд болон Болгарын хоёрдугаар эзэнт гүрнийг бий болгоход хүндтэй үүрэг гүйцэтгэсэн. Куман ба кипчак овгууд улс төрийн хувьд нэгдэж Куман-Кипчакийн холбоог байгуулсан аж.

1237 онд монголчууд Киевийн Орос руу довтолсны дараа олон куманууд Унгарын хаант улсаас орогнол хүссэн агаад учир нь тэдний олонх өмнөх хэдэн арван жилд тэнд суурьшсан байжээ. Мөн куманууд Болгарын хоёрдугаар эзэнт гүрэн, Византийн эзэнт гүрэн, Латины эзэнт гүрэн болон Никейн эзэнт гүрний бүрэлдэхүүн дэх Анатолид чухал үүрэг гүйцэтгэсэн.

Куман хэл нь дундад зууны үеийн зарим бичиг баримтад батлагдсан бөгөөд эртний түрэг хэлүүдээс хамгийн сайн мэдэгдсэн нь юм. Кодекс Куманикус бол католик номлогчдод куман хүмүүстэй харилцахад нь туслах зорилгоор бичсэн хэл шинжлэлийн гарын авлага байв.