Jump to content

Уругвай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс
República Oriental del Uruguay (Испани)
Уриа: Libertad o Muerte
"Эрх чөлөө эсвэл үхэл"
Төрийн дуулал: Himno Nacional de Uruguay
"Уругвайн төрийн дуулал"
Sol de Mayo[1][2]
(5-р сарын нар)

Sol de Mayo
 Уругвай улсын байршил (хар ногоон) Өмнөд Америк
 Уругвай улсын байршил (хар ногоон)

Өмнөд Америк

Нийслэл
ба томоохон хот
Монтевидео
34°53′S 56°10′W / 34.883°S 56.167°W / -34.883; -56.167
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
Шашин
(2021)[5]
  • 44.5% Шашингүй
  • 1.2% бусад / хариулаагүй
Ард түмний нэршилУругвайчууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Луис Лакалье Поу
Беатрис Архимон
Хууль тогтоох байгууллагаЕрөнхий Ассамблей
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
8 сарын 25, 1825
8 сарын 27, 1828
2 сарын 15, 1967
Газар нутаг
• Нийт
176,215 км2[6] (89)
• Усны эзлэх талбай (%)
1.5
Хүн ам
• 2011 тооллого
3,286,314[6]
• Нягтаршил
19.8/км2 (206)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$102.503 тэрбум[7] (98)
• Нэг хүнд ноогдох
$28,740[7] (62)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$77.313 тэрбум[7] (80)
• Нэг хүнд ноогдох
$21,677[7] (49)
ОТББИ (2021)  40.8[8]
дундаж
ХХИ (2021) 0.809[9]
маш өндөр · 58
Мөнгөний нэгжУругвайн песо (UYU)
Цагийн бүсUTC−3 (UYT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+598
Домэйн нэр.uy

Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хэмээх Уругва́й нь (Испани: Uruguay) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм.

Хуурай газраар баруун талаараа Аргентин, зүүн талаараа Бразил улсуудтай хиллэдэг бол өмнөд талаараа Ла-Платын булан болон Атлантын далайд гарцтай байна. Нутгийн өрнөд хилээр Уругвай мөрөн урсана. Газар нутгийн хэмжээ 181,034 хавтгай дөрвөлжин километр байх ба 3.5 сая хүн оршин сууж байна. Хамгийн том бөгөөд нийслэл Монтевидео хотод 1.7 сая хүн оршин суудаг.

Түүхэндээ 13000 жилийн өмнө анчин түүвэрлэгчид амьдарч байсан Уругвайд Европынхон анх ирэхэд чарруа хүмүүс амьдарч байжээ. 1680 онд Португалынхан анх Сакраменто колонио байгуулсан ба 18-р зуунд Испанийнхан Монтевидеод цэргийн бэхлэлт барив. 1811, 1828 онд Португал, Испани, Аргентин, Бразилтай тус тус тэмцэлдэж Уругвай улс тусгаар тогтножээ. Хэд хэдэн эдийн засаг, улс төрийн хямралыг туулсан ба 1960-1970 оны үе зүүний үзэл, тухайлбал 1973 оны төрийн эргэлт зэргээр цэргийн дэглэм тогтжээ. Цэргийн дэглэмийн үед социалист чиг баримжаатай байсан бол 1985 оноос хойш ардчилсан үндсэн хуультай болжээ.

Өдгөө Уругвай нь Латин Америкдаа ардчилал, эрх чөлөө, цахим засаглал, авилгын бага хувь зэргээр тэргүүлж байгаа ба тивдээ эдийн засгийн эрх чөлөө, орлогын тэгш байдал, нэг хүнд ноогдох орлого зэргээрээ 2-р байрт орж байна. Шинэчлэл шинэтгэл, хүний хөгжлийн индекс, дэб бүтцээрээ тивдээ 3-рт орж байна. Хар тамхи, ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлт, биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрчээ. Уругвай НҮБ, Меркосур, ӨАОБ-ыг анх байгуулагдахад элсчээ.

Индиан ба колони

[засварлах | кодоор засварлах]

Уругвайд 13000 жилийн тэртээ анчин түүвэрлэгчид амьдарч байсан ба 16-р зуунд Европынхон анх очиход 9000 чарруа, 6000 чана, хэсэг гуарани хүмүүс амьдарч байв.[10]

Европынхноос анх Португалынхан 1512 онд ирж байсан бол Испанийнхан Уругвайд анх 1516 онд ирж байсан ба нутгийн уугуул хүмүүсийн шийдмэг эсэргүүцэл болон Уругвайд алт мөнгөний нөөцгүй гэдэг шалтгаанаар колоничлохгүй байсаар байжээ. Уругвай бол Бразилыг колоничлож буй Португал, бусад газрыг колоничлож буй Испанийн тэмцлийн уулзвар бүс болжээ. Анх 1603 онд Испаничууд энд үхэр авчирсан ба 1624 онд тэд Негро голд Сориано сууринг байгуулж байв. 1669-1671 онд Португал нь Сакраменто колонийг байгуулжээ. Харин 18-р зууны эхээр Монтевидеог Испаничууд үүсгэн байгуулсан ба энэ нь Ла-Платын булангийн нөгөө талд байгаа Буэнос-Айрестаа өрсөлдөх далайн боомт болон хөгжжээ. 1806-1807 онд Напелеоны дайны хүрээнд Британийн цэрэг Буэнос-Айрес болон Монтевидео руу довтолж 1807 онд Монтевидеог эзэлжээ.[11]

Тусгаар тогтнол

[засварлах | кодоор засварлах]

1811 онд Хосе Гервасио Артигас толгойлон Испанийн даргач нарын өөдөөс босч тэмцсэн ба Лас Пьедрасын тулалдаанд анхны гол ялалтаа авчээ. Монтевидео, Буэнос-Айрес зэрэг гол хотууд Испаниас тусгаарлагч хувьсгалчдын гарт орсон ба тэд Ла-Платын холбоо болон холбоолжээ. Энэ үед Уругвайг "Банда Ориентал" («Зүүн эрэг») гэдэг байв. 1816 онд Бразилаас 10 мянган цэрэг Монтевидео руу довтолж эзэлсэн ба 4 жил тэмцэлдэж байж "Цисплатина" гэсэн муж болгов. Бразилын эзэнт гүрэн 1822 онд Португалаас тусгаар тогнов. Бразил Уругвайг шууд харьяа муж болсныг эсэргүүцэж Хуан Антонио Лавельягаар удирдуулсан Гучин гурван дорнодын цэрэг 1825 онд Бразилд дайн зарлан босч Ла-Платын нэгдсэн муж (өнөөгийн Аргентин)-тай холбоолжээ. Цисплатинын дайн 500 хоног үргэлжилсний дараа Британийн дипломатич оролцон 1828 оны Монтевидеогийн хэлэлцээрээр гал зогсоож мөн Уругвай улс тусгаар тогтножээ. 8-р сарын 25-ныг тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг ба 1830 оны 7-р сарын 30-нд анхны үндсэн хуулиа баталжээ.[12]

Улаантан ба цагаантан

[засварлах | кодоор засварлах]
Цагаантны удирдагч Мануэль Орибэ

Тусгаар тогтнох үед Уругвайн хүн ам 75 мянга байв. Уругвайн улс төрд Аргентин их нөлөөтэй байв. Тухайлбал хоёр дахь ерөнхийлөгч Мануэль Орибэ нь консерватив цагаантан байсан ба анхны ерөнхийлөгч Фруктуосо Риверагаар толгойлуулсан либерал улаантнууд 1838 онд төрийн эрхийг хүчээр авснаар Орибэ Аргентины ерөнхийлөгч Мануэль де Росасын дэргэд зугтан очиж 13 жил үргэлжилсэн иргэний дайн (1839–1851) эхэлжээ. 1845 онд Британи болон Франц нь Росасын эсрэг чиглэн тус нутагт худалдааг хэвийн явуулахыг зорьжээ. Олон жилийн дайнд залхаж Росасын талд шийдэгдэж байсан бол 1851 онд улаантныг дэмжсэн Бразилын цэрэг нэвтэрснээр нөхцөл өөрчлөгдөж Орибэ ялагджээ. Уругвайн улаантны засгийн газар Бразилд талархаж Уругвайн дотоод хэрэгт оролцох эрхээр шагнажээ. Бразил, Аргентин болон Уругвайн улаантан жанжин Венансио Флорес нарын Гурвын эвсэл үүсгэн дайрч Парагвайн дайнд (1863-1870) цэг тавьж ялсан.[13]

1925-1928 онд Өмнөд Америкийн хамгийн өндөр барилга байсан Паласио-Сальво

1867 онд Уругвайд анхны төмөр зам тавигдсан ба 1872 онд цагаантны бослогыг зогсоосон. Бослогыг зогсоохдоо 4 аймгийн эрхийг цагаантанд өгчээ. Энэхүү эрх баригч болоод сөрөг хүчний хамтран орших нь 1875, 1886 онуудад зөрчигдөж, цагаантны эрхийг 3 аймаг болгон бууруулсанд? цагаантнууд 1897 онд бослого гарган нийт 16 аймгаас 6 аймагт хяналтаа тогтоожээ. Цагаантнууд улсын хурлын 1/3-т суужээ. Энэ үед авторитар дэглэм голлож байсан ба улсыг орчин үеийн, нийгэм эдийн засгийн шилжилтэд хөтөлжээ. Үүнд шахалтын бүлгүүд (бизнесмэн, үйлдвэрлэгч, хөрөнгөтөн гэх мэт) зохион байгуулалттайгаар нөлөөлж байв. Иргэний дайны дараа Итали, Испаниас голдуу цагаачлах тоо өссөн ба 1879 оны байдлаар 480 мянган хүнтэй болжээ. Монтевидео нь Аргентин, Бразил, Парагвайгаас бараа зөөсөн худалдааны гол төв болж байв.[14]

1931 онд Габриель Терра ерөнхийлөгч болж, 1934 онд шинэ үндсэн хууль баталж ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрөв. Уругвайд 1939 онд Герман, Британийн хөлөг онгоцууд тулж ирэхэд Уругвай төвийг сахихаа зарлажээ. 1950-аад онд дэлхий дахинд Уругвайн хүнсний бүтээгдэхүүний эрэлт багасч ажилгүйдэл нэмэгдэв. Тупамарос хэмээх зэвсэгт бүлэг 1960-аад онд үүсч банк дээрэмдэх, барьцаалах, аллага бүр төр засгийг унагах оролдлого гарчээ.

Цэргийн дэглэм ба ардчилал

[засварлах | кодоор засварлах]

1868 онд Хорхе Пачечо ерөнхийлөгч онц байдал зарлаж, ер нь эдийн засаг болон улс төрийн тогтворгүй үймээнд өртөөд 1973 онд Хуан Мариа Бордаберри ерөнхийлөгч улсын хурлыг болиулж цэргийн дэглэм тогтоожээ. Хэвлэл мэдээлэл хоригдож, зохиол бүтээл устгагдаж, худалдааны холбооноос гарчээ. Дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийг шахан гадуурхаж, 1973-1985 оны цэргийн дэглэмийн үед 180 хүн алга сураггүй алга болж эсвэл алагджээ. Уругвай тэр үед нэг хүнд ноогдох улс төрийн хоригдлын тоогоор тэргүүлж байв.[15]

Цэргийн дэглэмээс боловсруулсан 1980 оны шинэ үндсэн хууль санал хураалтаар дэмжигдээгүй ба буцаад иргэний удирдлага руу шилжихээр болж 1984 онд сонгууль явагджээ. Колорадо («улаан») намын дарга Хулио Марио Сангуинетто 1985 оноос ерөнхийлөгч байж эдийн засгийн шинэчлэл, ардчилал руу чиглэсэн өөрчлөлтүүд явуулжээ. 1985-2000 оны хооронд Уругвайд төрийн өмчийг хувьчлах, эдийн засгийн шинэтгэл, сонгуулийн тогтолцоо, нийгмийн хамгаалал, боловсруулах, бүх нийтийн аюулгүй байдал зэрэг олон чиглэлд өөрчлөлт гарч ардчилал бэхэжжээ. 2004 онд Табаре Васкес ерөнхийлөгч болжээ. Түүний үед түүхий эдийн үнэ хөөрч, эдийн засгийн хямралаас гарч, гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин өсч, ядуурал болон ажилгүйдэл буурч, засгийн газрын өр ДНБ-ын 79%-аас 60% болж буурч, инфляци тогтворжижээ.[16] 2009 онд Хосе Мухика ерөнхийлөгчөөр сонгогдож 2012 онд үр хөндөлт, ижил хүйстэнтэй гэрлэх, хар тамхи зэрэг хуулиар зөвшөөрөгджээ. 2014 онд Табаре Васкес дахин сонгогдсон бол консерватив Үндэсний намын Алберто Лакалле Поу Уругвайн 42 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Уругвай улс нь төлөөллийн ардчилсан дэглэм бүхий ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай. Засгийн газрын гишүүд 5 жилийн хугацаатай бүх нийтийн саналаар сонгоно. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл буюу шүүх ёс, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах салбар нь улсын хэмжээнд нэгдсэн бүтэцтэй байдаг. Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч тэргүүлэх ба 13 сайдтай.

Хууль тогтоох эрх мэдэл нь хоёр танхимт Ерөнхий хурал юм. 19 аймгийг төлөөлөх 99 гишүүн бүхий төлөөлөгчдийн танхим нь 5 жил тутам хувь тэнцүүлэх аргаар сонгогддог бол Сенатын танхим нь 5 жилийн хугацаатай хувь тэнцүүлэх аргаар сонгогддог 30 гишүүн болон дэд ерөнхийлөгчийг багтаан 31 гишүүнээс бүрддэг.

Шүүх эрх мэдлийн дээд байгууллага нь Дээд шүүх байна. Дээд шүүхийн гишүүнийг Ерөнхий хурлаас баталдаг.

Уругвай одоогийн үндсэн хуулиа 1967 онд баталсан ба олон заалтыг 1973 онд түдгэлзүүлсэн боловч 1985 онд дахин сэргээсэн. Швейцарийн үндсэн хуулинд тулгуурласан энэхүү үндсэн хууль нь бүх нийтийн санал асуулгаар аливаа хуулийг хүчингүй болгох, өөрчлөх боломжийг олгодог. Энэ аргыг сүүлийн 15 жилд ашиглаж цэргийн дэглэмийн үед (1973-1985) хүний эрхийг зөрчсөн цэргийн албан хаагчдыг яллахаас татгалзах тухай хуулийг батлах, нийтийн өмчит компаниудын хувьчлалыг зогсоох, тэтгэвэр авагчдын орлогыг хамгаалах, усны нөөцийг хамгаалахаар шийдвэрлэжээ.

Уругвайн улс төрийн түүхэнд Колорадо нам засгийн эрхийг голлон барьсан. Уругвай ардчилсан орон ба Дэлхийн эрх чөлөөний итгэлцүүрээр 27-р байрт жагсчээ. Авилга бага орны жагсаалтанд 21-р байранд орсон.

Уругвай улс 19 аймагт (Испани: departamentoдепартмент) хуваагддаг.

Аймаг Нутгийн төв Нутаг дэвсгэр Хүн ам
(2011 оны тооллого)
км2 миль2
Артигас Артигас 11,928 4,605 73,378
Канелонес Канелонес 4,536 1,751 520,187
Серро-Ларго Мело 13,648 5,270 84,698
Колони аймаг Сакраменто колони 6,106 2,358 123,203
Дурасно аймаг Дурасно 11,643 4,495 57,088
Флорес Тринидад 5,144 1,986 25,050
Флорида Флорида 10,417 4,022 67,048
Лавальеха Минас 10,016 3,867 58,815
Мальдонадо Мальдонадо 4,793 1,851 164,300
Монтевидео Монтевидео 530 200 1,319,108
Пайсанду Пайсанду 13,922 5,375 113,124
Рио-Негро Фрай-Бентос 9,282 3,584 54,765
Ривера Ривера 9,370 3,620 103,493
Роча Роча 10,551 4,074 68,088
Сальто Сальто 14,163 5,468 124,878
Сан-Хосе Сан-Хосе-де-Майо 4,992 1,927 108,309
Сорьяно Мерседес 9,008 3,478 82,595
Такуарембо Такуарембо 15,438 5,961 90,053
Трейнта-и-Трес Трейнта-и-Трес 9,529 3,679 48,134
Бүгд 175,016 67,574 3,286,314
Уругвайн физик газрын зураг
Уругвайн хөдөө газар

Уругвай 176,214 хавтгай дөрвөлжин километр газартай. Өрнөд уртрагийн 53-58 градус, өмнөд өргөрөгийн 30-35 градус хооронд байрладаг. Газрын гадарга тэгш газар, бага уулс, үржил шимт эргийн нам газраас бүрдэнэ. Далайн эргийн урт нь 660 км байна. Ла-Платын булан, Уругвай мөрөн, Негро гол, Мирим булан гэсэн дөрвөн сав руу гол горхи цутгана. Үүнээс нутгийн өрнөд хилээр Уругвай мөрөн, нутгийн голоор Негро гол урсдаг. Хамгийн өндөр цэг нь нутгийн дорно өмнөд хэсэгт орших Серро-Сетадраль (д.т.д 514 м) юм.

Монтевидео нь Канберра, Веллингтоны дараа 3-рт жагсах хамгийн өмнө зүгийн нийслэл ба Уругвайн нутаг бүхэлдээ матрын замаас өмнө зүгт байрладаг. Уругвайд 10 байгалийн цогцолборт газар байгаагаас 5 нь дорнодын намагт газар, 3 нь төвийн уулархаг нутаг, 1 нь Уругвай мөрний дагуу байна. Уругвай нь уур амьсгалын хувьд саваннын бүсэд хамаарна.

Уругвай нь зөөлөн уур амьсгалтай, чийглэг субтропикийн уур амьсгалтай. Жилийн турш температурын ялгаа их биш. Намрын саруудад бороотой, жилд дунджаар 1000 мм хур тунадастай. Өвлийн дунд буюу 7-р сард 9-12°C, зуны дунд буюу 1-р сард 22-26°C дундаж температуртай.

Уругвайн арьсны өнгө, гарал. 2011 оны тооллого[17]
Арьс/Гарал
Цагаан арьстан
  
87.7%
Хар арьстан
  
4.6%
Нутгийн уугуул
  
2.4%
Дорно Азийн
  
0.2%
Бусад/байхгүй
  
5.1%

Уругвайн хүн ам 2020 оны байдлаар 3.426 сая гэж тоологдож байна. 1900 онд хүн амын тоо 1 сая, 1960 онд 2.5 сая байсан. 2011 оны судалгаагаар үзвэл Уругвайнхан 87.7% Европ гаралтан байна. Ихэнх Европын гаралтай хүн нь 19-20-р зуунд ихэвчлэн Испани, Италиас, бага хэсэг нь Герман, Франц, Британиас нүүн ирэгсдийн үр хойч юм. Мөн эхэндээ Аргентинаас хүн суурьшжээ. Африк гаралтан бага хувийг эзлэх ба Японоос ирэгсэд байна. Ерөнхийдөө Аргентин болон Бразилын хөрш мужуудтай төстэй угсаатны бүтэцтэй юм.

1963-1985 оны хооронд 320 мянган хүн гадагш цагаачилсан байна. Гол чиглэл нь Аргентин, цаашлаад АНУ, Австрал, Канад, Испани, Итали, Франц байна. 2009 онд 44 жилийн дараа ирэгсдийн тоо явагсдын тооноос олон байжээ. 2009 онд 3825 хүнийг иргэнээр хүлээн авсан нь 2005 оны 1216-гаас хавьгүй өндөр тоо юм. Энэхүү шинэ иргэдийн 50% нь Аргентин, Бразилаас нүүн иржээ. 2008 онд батлагдсан цагаачлалын хуулиар цагаачлагч нь улсын иргэний адил эрх боломжтой байх ба сарын цалингийн доод хэмжээ адил 650$ байна гэж заажээ.

Уругвайн хүн амын өсөлтийн хувь Латин Америкийн орнууд дотор багад тооцогдоно. Дундаж нас нь 35.3 байгаа нь дэлхийн дундаж 32-оос өндөр байгаа үзүүлэлт юм. Хүн амын дөрөвний нэг нь 15 хүртэлх насны хүүхдүүд, зургааны нэг нь 60 ба түүнээс дээш насны ахмадууд байна. 2017 оны нэг эмэгтэйд ноогдох хүүхдийн тоо 1.7 байгаа нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс буурсан үзүүлэлт байна.

Монтевидео хот

Уругвайн хүн амын 90% хот суурин газар амьдардаг. Нийслэл Монтевидео орчимд хүн амын талаас илүү буюу 1.8 сая хүн оршин сууж байна. Үлдсэн хотын хүн ам 30 гаруй хот сууринд амьдардаг.

Уругвай албан ёсны шашингүй. 2008 оны судалгаагаар 45.7 хувь нь христийн шашны католик урсгалыг дагадаг гэсэн бол 9% нь христийн бусад урсгалыг дагадаг гэжээ. Мөн 30% нь бурханд итгэдэг, шашин шүтдэггүй гэсэн бол 14% нь шашингүй гэсэн байна. Түүхээс ярьвал 1837 онд иргэний гэрлэлтийг хуулиар зөвшөөрч 1907 онд салалтыг зөвшөөрч 1909 онд бүх шашны сургаалыг улсын сургуулийн хичээлээс хасчээ. 1917 оны шинэ үндсэн хуулиар шашин төр хоёр тусдаа байна гэж заажээ.

Уругвайд хөрш Аргентин шиг испани хэл улсын хэл юм. Англи хэл бизнесийн хүрээнд болон сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын дунд хэрэглээ өсч байна. Португал хэлээр Бразилтай хиллэдэг хойд нутгийн буюу хүн амын 3-15% хэлэлцдэг. Нутгийн уугуул хүмүүс байгаа боловч нутгийн уугуул хэл өдгөө үлдэж хоцроогүй. 2001 онд Уругвайн дохионы хэлийг улсын албан ёсны хэлний нэг гэж хүлээн зөвшөөрчээ.

Нэг хүнд ноогдох ДНБ. 1800-2018 он

Уругвайн эдийн засаг нь экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн салбар, сайн боловсролтой ажиллах хүчин, нийгмийн өндөр зарлага бүхий байна. Аялал жуулчлал болон банк нь мөн чухал салбар бөгөөд Уругвай нь бүс нутгийн түвшинд олон улсын санхүү, аялал жуулчлалд гол нөлөөтэй байна. Түүхэндээ ажилтны эрхийг хамгаалахад ахисан түвшинд байж ирсэн ба 20-р зуунаас эхнээс л ажлын найман цагийг мөрдөж иржээ.

Уругвайн эдийн засаг 1920-1950 онд аж үлйдвэрийн дэд бүтцийг хөгжүүлэх, импортыг бууруулах үндэсний үйлдвэрлэгч нарыг хамгаалах дэмжих бодлого явуулжээ. 1945-1954 онд жилийн дундаж өсөлт 8.4% байв. 1956 оны байдлаар хүн амын 40% дундаж давхаргад хамаарч хэвлэл мэдээлэл, кино театр, хотын соёл, үйлчилгээ цэцэглэн хөгжив.

Уругвайн экспортод үхрийн мах голлоно. 2019 он

Хүн амын 90% нь хотжисон ба аж үйлдвэрийн ихэнх нь, улсын хүн амын тал хувь нь нийслэл Монтевидеод тус тус төвлөжээ.

1996-1998 онд жилийн өсөлт 5% орчимд байснаа 1999-2002 онд буурсан нь хөрш Аргентин, Бразилын эдийн засгийн хямралтай холбоотой. 2001-2002 онд Аргентины иргэд Аргентинд банкны хадгаламжийг царцааснаас болоод Уругвайн банкнаас хадгаламжаа ихээр татсан нь 2002 оны Уругвайн банкны хямралыг бий болгож байв.

1959-аад онд хэдий импортыг орлох аж үйлдвэр хөгжих болсон боловч 1970-1980-аад оны нийгэм, эдийн засаг самуурч гарч түүхчдийн үздэгээр захиргаадалтын үед эдийн засаг уруудсан байна. 1990-2000-аад оны эхэн үед Колорадо намын бодлого нео-либерал байж аж үйлдвэр болон хуваариа хөдөө аж ахуйгаас санхүү, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбар хөгжих болжээ.

Олон улсын худалдааны холбооны дүгнэлтээр Уругвай Америк дахь хамгийн дэвшилтэт улс бөгөөд хөдөлмөрийн суурь эрх, холбоодын эрх чөлөө сайн үнэлгээтэй байна.

Уругвайн түүхэнд экспортын гол бүтээгдэхүүн үхрийн мах, ноос хоёр юм. Үхрийн махны экспортын хувьд 1991 онд Меркосурын гэрээ байгуулагдсанаар Япон зэрэг алсын орон руу экспортлох боломжтой болсон. 2018 онд 589 мянган тонн үхрийн үйлдвэрлэжээ. Ноосны экспортын хувьд, ойрын жилүүдэд Шинэ Зеланд зэрэг өрсөлдөгчид цохигдож байна.

Мод боловсруулалт ойн аж ахуй сүүлийн жилүүдэд тэлсэн. 2018 онд улсын хэмжээнд 1.36 сая тонн цагаан будаа, 1.33 сая тонн шар буурцаг, 816 мянган тонн эрдэнэ шиш, 637 мянган тонн арвай, 440 мянган тонн улаан буудай, 350 мянган тонн чихрийн нишингэ, 106 мянган тонн жүрж, 104 мянган тонн усан үзэм, 90 мянган тонн рапс, 87 мянган тонн төмс тус тус тариалжээ.

Лиебег компани бол үхрийн мах боловсруулах хамгийн том компани бөгөөд 100 жилийн түүхтэй.

Такуарембо дахь салхин сэнс

Уругвайн эрчим хүчний эх үүсвэрээ 98% сэргээгдэх эрчим хүч болгосон байна. Үүнд нарны, салхины, усан цахилгаан орно.

Программ хангамж

[засварлах | кодоор засварлах]

Сүүлийн арванд Уругвайн программ хангамжийн салбар мэдэгдэхүйц өссөн. Педидося зэрэг олон амжилттай шинэ бизнес эхэлсэн. Уругвайн компаниудын программ аутсорсинг ижил уртрагт буюу АНУ-д хэрэглэгдэж байна. Генексус, Кодигос дель Сур, Оверактив зэрэг бусад онцлох программын компаниуд байна.

1991-1997 онд Уругвайн хуванцарын экспортод гол хөрөнгө оруулалтууд орсон.

Харилцаа холбоо

[засварлах | кодоор засварлах]

Суурин холбооноос эринээс шууд ахиж Өмнө Америкт хамгийн өдөр хувь буюу 100% ард иргэд нь дижитал төхөөрөмжид шилжсэн улс юм. Хэдий салбар ноёлж байсан боловч хувьчлахыг зөвшөөрч, хувийн компаниудыг орохыг зөвшөөрчээ.

2014 оны байдлаар улсын ДНБ-ийн 9.4% нь аялал жуулчлалаас бүтэж байна. Гол жуулчид нь хөрш орнуудаас байдаг ба Пунта-дел-Эсте зэрэг нутгийн барилгын дотор засал гол үзвэр болдог.

  1. Испани хэл нь де-факто статустай
  2. 2001 оноос хойш де-юре статустай[3][4]
  1. Уругвайн хүн амын тооллогын албан ёсны арьс өнгөний нэр томьёо нь англиар "амарилла" буюу "шар" бөгөөд энэ нь Зүүн Азийн гаралтай хүмүүсийг хэлдэг.
  1. Crow, John A. (1992). The Epic of Latin America (4th ed.). Berkeley: University of California Press. p. 457. ISBN 978-0-520-07723-2. In the meantime, while the crowd assembled in the plaza continued to shout its demands at the cabildo, the sun suddenly broke through the overhanging clouds and clothed the scene in brilliant light. The people looked upward with one accord and took it as a favorable omen for their cause. This was the origin of the ″sun of May″ which has appeared in the center of the Argentine flag and on the Argentine coat of arms ever since.
  2. Kopka, Deborah (2011). Central & South America. Dayton, OH: Lorenz Educational Press. p. 5. ISBN 978-1-4291-2251-1. The sun's features are those of Inti, the Incan sun god. The sun commemorates the appearance of the sun through cloudy skies on May 25, 1810, during the first mass demonstration in favor of independence.
  3. Загвар:Cite act
  4. Meyers, Stephen; Lockwood, Elizabeth (2014-12-06). "The Tale of Two Civil Societies: Comparing disability rights movements in Nicaragua and Uruguay". Disability Studies Quarterly (англи хэлээр). 34 (4). doi:10.18061/dsq.v34i4.3845. ISSN 2159-8371.
  5. "Encuesta Continua de Hogares (ECH) - Instituto Nacional de Estadística". Archived from the original on 8 December 2022. Татаж авсан: 15 August 2022.
  6. 6.0 6.1 "Uruguay". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023. (Archived 2011 edition)
  7. 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: November 25, 2022.
  8. "GINI index". World Bank. Татаж авсан: 12 August 2021.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  10. Jermyn, Leslie (1 October 1998). Uruguay. Marshall Cavendish. ISBN 9780761408734 – via Internet Archive. uruguay by leslie jermyn.
  11. Bureau of Western Hemisphere Affairs. "Background Note: Uruguay". US Department of State. Архивласан огноо 22 January 2017. Татаж авсан: 23 February 2011.
  12. "THE STRUGGLE FOR INDEPENDENCE, 1811–30 – Uruguay". Library of Congress Country Studies. Архивласан огноо 30 April 2011. Татаж авсан: 23 February 2011.
  13. "The Great War, 1843–52 – Uruguay". Library of Congress Country Studies. Архивласан огноо 30 April 2011. Татаж авсан: 23 February 2011.
  14. "MODERN URUGUAY, 1875–1903 – Uruguay". Library of Congress Country Studies. Архивласан огноо 30 April 2011. Татаж авсан: 23 February 2011.
  15. "New find in Uruguay 'missing' dig". BBC News. 3 December 2005. Архивласан огноо 11 May 2011. Татаж авсан: 4 February 2011.
  16. "The mystery behind Mujica's mask". The Economist. 22 October 2009. Архивласан огноо 3 February 2011. Татаж авсан: 24 February 2011.
  17. "Atlas Sociodemografico y de la Desigualdad en Uruguay, 2011: Ancestry" (PDF) (испани хэлээр). National Institute of Statistics. p. 15. Archived from the original (PDF) on 9 February 2014.