Jump to content

Мируц Еифтер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мируц Еифтер

Мируц Еифтер (191), Москвагийн олимп 1980

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Этиоп
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Мируц Еифтер
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Мюнхен 1972 10,000 м
Алтан медаль – нэгдүгээр байр Москва 1980 5,000 м
Алтан медаль – нэгдүгээр байр Москва 1980 10,000 м
Бүх Африкийн наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лагос 1973 5,000 м
Алтан медаль – нэгдүгээр байр Лагос 1973 10,000 м
Африкийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Дакар 1979 5,000 м
Алтан медаль – нэгдүгээр байр Дакар 1979 10,000 м

Мируц Еифтер (Miruts Yifter, 1938 оны 1 сарын 1 буюу 1944 оны 5 сарын 15-нд төрсөн) нь Этиопын хөнгөн атлетикч, 1980 оны Москвагийн олимпын хошой алтан медальт тамирчин юм. Түүний нэрийг заримдаа Мурусе Ефтер гэж дуудах нь бий.

Этиопын Тиграй бүсийн Адигратад мэндэлсэн Мируф Еифтер бага залуудаа янз бүрийн үйлдвэрүүдэд ачааны машины жолоочоор ажиллаж байв. Этиопын Агаарын Цэргийн Хүчинд алба хааж байхдаа хол зайд гүйх авъяас нь илэрсэн гэдэг.

Еифтер 1968 оны Мехикогийн олимпод шигшээ багтаа дуудагдсан боловч оролцох завшаан тохиолдоогүй бөгөөд 4 жилийн дараа Мюнхений олимпод анх оролцож, 10,000 метрийн зайд хүрэл медаль зүүжээ. Харамсалтай нь 5,000 метрийн зайн шигшээ уралдаанд хоцорч ирсний улмаас оролцож чадалгүй, дахин нэг медаль авах боломжоо алдсан байна.

1976 оны Монреалийн олимпыг Этиоп улс бойкотлосны улмаас тэрээр тус олимпод оролцож чадаагүй. 4 жилийн дараа Москвад амжилтаар цангасан Еифтер ирж, хошой алтан медалийн эзэн болжээ. 10,000 метрийн зайн шигшээ уралдаанд барианаас 300 метрийн өмнө хурдаа нэмснээр мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 10 метрээр тасарч түрүүлсэн бол 5 өдрийн дараа болсон, 5,000 метрийн зайн шигшээ уралдаанд сүүлчийн тойрог эхлэхэд тэргүүлж явсан Еифтерийг барианаас 300 метрийн өмнө Этиопын багийн анд Мохамед Кедир гүйцсэн боловч Еифтер хурдаа нэмснээр барианд түрүүлэн оржээ.

Москвагийн олимпын баатар болсон Мируцын нэг оньсого гэвэл түүний нас бөгөөд тэр үед түүнийг 33-аас 42-ын хооронд настай хэмээн олон янзаар бичиж байлаа. Энэ тухайд Еифтер хариулахаас татгалзсан бөгөөд сурвалжлагчдад:

„Хүн тахиагаа хулгайд алдаж болно, хонио хулгайд алдаж болно, гэхдээ хэн ч миний насыг хулгайлж чадахгүй.“

гэж хэлжээ.

Түүний төрсөн огнооны хувьд хамгийн өргөн хэрэглэгддэг нь 1938 оны 1 сарын 1, эсвэл 1944 оны 5 сарын 15 болно.